Д.Тэрбишдагва: Нүүрс түлэх, зуух тараах нь агаарын бохирдлыг бууруулах гарц биш

Хамаарах огноо: 2018-01-22 11:24

Д.Тэрбишдагва: Нүүрс түлэх, зуух тараах нь  агаарын бохирдлыг бууруулах гарц биш

Д.Тэрбишдагва: Нүүрс түлэх, зуух тараах нь  агаарын бохирдлыг бууруулах гарц биш

 

УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүний нэг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагватай уулзаж, нийслэлийн утааны асуудлаар зарим зүйлийг асууж тодрууллаа.

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч яг одоо агаарын бохирдлын асуудлаар амьсгалж байх шиг. Иргэдийн хувьд энэ асуудлын шийдлийг хүлээсээр удаж байна. Таны хувьд агаарын бохирдлыг бууруулах шийдлийг хэрхэн харж байна даа?

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс удаа дараа сонгогдсон гишүүний хувьд агаарын бохирдол, хорт бодис нь ямар хэмжээнд хүрснийг сайн мэднэ. Иймд энэ асуудлын эсрэг арга хэмжээ авах шаардлага байгааг сүүлийн жилүүдэд багагүй судалсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын бидний хэдэн гишүүд УИХ дээр агаарын  бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, энэ асуудлаа ярилцаж, шийдэл хайх цаг ирснийг байнга сануулж хэлсээр ирсэн. Үүний хүчинд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хэмжээнд “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж  байна. Ажлын хэсгийн 13 гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, гэр хорооллоос эхлээд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагаа бодит байдалтай танилцаж, шийдэл гарцыг тодорхойлох санал гаргахаар ажилласан.

          -УИХ-ын гишүүд агаарын бохирдолтой газар дээр нь танилцаад өнөөх шатдаг, шатдаггүй зуухаа тараах бизнесээ эхлүүллээ гэсэн шүүмжлэл багагүй байна ?

- Агаарын бохирдлыг бууруулах бус энэ асуудлын хүрээнд янз бүрийн санал санаачилга дэвшүүлсэн, үүний цаана бизнес, наймааны ашиг хонжоо харсан явдал байгааг үгүйсгэхгүй. Агаарын бохирдлыг ашгийн нүдээр харсан учраас өнгөрсөнд энэ асуудал үр дүнд хүрээгүй.

Харин Засгийн газар өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гарч байгаа саналыг нэгтгэх шаардлагатай. Үүнийгээ ач холбогдлоор нь эрэмблээд агаарын бохирдлыг бууруулах цогц төлөвлөгөө гаргаж, иж бүрнээр шийдэж, ажиллах нь чухал. Үр дүнд нь нийслэл хот агаарын бохирдолгүй болсон байх ёстой.

          -Тэгвэл таньд яг ямар гарц, шийдэл байна вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дулаан, эрчим хүчийг салхи, нарнаас газрын гүнээс гаргаж авч байна. Монгол Улс жилийн дийлэнх өдөр нь нартай. Иймд нарны цахилгаан станцыг байгуулж болно.

Нөгөөтэйгүүр, газрын гүний дулааныг ашиглаад цахилгаан дулааны эрчим хүчний станц байгуулж байгаа. Тэр шийдлийг бид нэвтрүүлж болно. Германы холбооны улсуудын нэг Бавари мужид газрын гүнийн дулааныг ашиглаж эрчим хүч, цахилгаан, дулааны асуудлаа шийдэж эхэлснээс хойш 20 жил болж байна. Газрын гүнийг 4 км хүртэл өрөмдөн дулааныг нь ашиглаад 40-50 мвт-ын дулааны цахилгаан станц барьчихаад нүүрснээс бүрэн татгалзчихаж. Газрын гүнийн дулаан, эрчим хүчний цахилгаан станцыг байгуулахад зай талбай бага эзлэх, байгууламжийг барих өртөг зардал харьцангүй хямд байх зэрэг олон давуу талтай.     

Холоос жишээ хайхгүйгээр Монголд гэхэд Төв аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт газрын гүнийг 400 метр өрөмдөж барилга байгууламжийнхаа дулааныг шийдсэн туршлага ч байгаа. Иймд бид нийслэлдээ газрын гүнийг 4 км хүртэл өрөмдөөд дулаан, эрчим хүчний 40-50 мВт станц барьж болно. Германчууд ч энэ асуудалд хамтарч ажиллахад бэлэн гэж байсан. Зүүн өмнөд Азийн олон улс орнуудад  газрын гүнийн дулаанаар дэд бүтцийн асуудлаа шийдэцгээж байна. Дэлхий нийт түүхий нүүрс шатаахаас татгалзаж байна. 

-Шулуухан асуухад Та зуух тараах, нүүрс түлэхээс татгалзах хэрэгтэй гэх гээд байна уу даа.

-Би зуух тараах, түүхий нүүрс түлэхийн эсрэг байдаг хүн. Зуух тараана гэдэг нүүрс түлнэ гэсэн үг. Энэ нь утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах шийдэл огтхон ч  биш. Чи боддоо, өнөөдөр дэлхий нийтээрээ түүхий нүүрс түлэхийн эсрэг байхад бид нийслэл рүүгээ чиглэсэн авто зам тавиад, төмөр зам бариад түүхий нүүрсээ зөөх тухай ярьж болох уу.

 Монгол Улсын нийслэл, хотынхоо агаарын бохирдлыг бууруулах гэж байгаа бол асуудлыг цогцоор нь авч үзэж, орчин үеийн технологи, шинэ шийдийг л олж хайж, шийдэх ёстой. Дэвшилттэй зуух тараагаад агаарын бохирдлыг буурууллаа гэхэд хөрсний бохирдол, усны хангамжийн асуудлыг яах юм. Тулгамдсан асуудлууд шил шилээ даран шийдлээ хүлээгээд байсаар байх уу. Тэгэхээр агаар, хөрсний бохирдол, усны хангамжийг цогцоор шийдэж байж, нийслэлийн тулгамдсан асуудлын нэг хэсгийг шийднэ гэсэн үг.

Яахав, асуудлыг цогцоор шийдэх хугацаанд агаарын бохирдлын хорт хэмжээг бууруулах, утааг багасгах гал унтраах маягаар бүрэн шаталттай зуух энэ тэр шийдлүүдээ шийдээд явж болно. Гэхдээ дахин хэлэхэд нүүрс түлэх, зуух тараах, гэр дулаалгын асуудал бол агаарын бохирдлыг бууруулах төгс төгөлдөр гарц биш.

Бас нэг чухал асуудал бол нийслэлийн төвлөрлийг сааруулах явдал. Дагуул хотуудыг барьж төрийн өмчийн байгууллага тодорхой хэсгийг нүүлгэх шаардлагатай. Хамгийн ойрын жишээ Казакстан улсыг хар.  Астана гээд орчин үеийн ямар сайхан хотыг босгочихоод байна.

          -Агаарын бохирдол, утааны асуудал гэж ярихдаа иргэдийн хариуцлагын асуудлыг мартах юм. Дугуй, нохой шатааж байгаа үйлдлийг нь ядуу юм чинь гэсэн тайлбараар зөвтгөх гишүүд ч байсаар…

-Хариуцлагын асуудлыг мартдагт би харамсдаг. Хатуухан сонсогдож магадгүй, гэхдээ дулаахан өвөлжинө гэдэг иргэдийн шийдэх асуудал. Өдөрт гурван удаа нүүрс түлэх үү, эсвэл гэрийнхээ хана, шалыг сайн дулаалаад дулааны алдагдлаа бууруулаад бага нүүрс түлэх үү. Гэрээ сайн дулаалбал дулааны алдагдал 2/3-аар   буурна. Энд эдийн засгийн тооцоо хийхэд л болчих асуудал. Юм бүхнийг төр засаг руу чихэж суухаасаа илүүтэй аж амьдралыг өөд нь татахын тулд өөрт байгаа боломжоо тооцоод сурах хэрэгтэй. Ер нь бид улсынхаа нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ярьж байхад иргэдийн оролцоо ч чухал. Үнэндээ яндангийн утааны асуудал ярьж байгаа нь  нийслэлийн статустайгаа зөрчилдөж байгаа.

-Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Би нийслэл өргөө биш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай ярьж байна. Орчин үеийн барилга байгууламжтай, зам харилцаатай, инженерийн шугам сүлжээтэй, дэд бүтцийн шийдэлтэй газрыг л хот гэнэ. Энд ямар ч утаа гаргадаг айл гэр байх ёсгүй. Гэр гэдэг чинь нүүдэлчин ахуйд зориулагдсан байгууламж. Орчин үеийн хотод гэр хороолол байх ч, тэдгээр нь эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус гээд дэд бүтцээрээ хангагдсан байх ёстой.

Өөрөөр хэлбэл, бид Монгол Улсынхаа нийслэлийг орон сууцжуулах, гэр хорооллоо дэд бүтцээр нь хангах асуудлыг шийдэх тухай л өнөөдөр ярих ёстой. Ингэж л орчин үеийн хотын статустаа хүрнэ.

-Орон сууцжуулах, дэд бүтцийн асуудал ярихаар Засгийн газар хугацаа, хөрөнгө их шаардана гэсэн бэлэн хариулттай?

          Хийе гэсэн хүнд арга нь олддог, хийхгүй гэсэнд шалтаг олддог гэсэн үг байдагдаа. Харин Засгийн газар маань Төрийн болон Төрийн бус байгууллага, ард иргэд, аж ахуй нэгжээс гарч байгаа санал санаачлагыг дэмжин бусад улс орнуудын туршлага, шинжлэх ухааны ололт амжилтыг судлан хийх ажлаа эрэмбэлж төлөвлөгөө гаргаад идэвх санаачлагатай ажиллавал богино хугацаанд утааг 30-40% бууруулах боломж байна. 

        Х.Бадамгэрэл


Үүсгэсэн: 2018-01-24 11:24
Мэдээллийг ачааллаж байна ..