Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Долгорын Цэнджав гуай "ЗААГ" номны минь талаар ийнхүү шүүмж бичжээ.

Хамаарах огноо: 2017-11-29 12:56

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Долгорын Цэнджав гуай "ЗААГ" номны минь талаар ийнхүү шүүмж бичжээ.

ОРШЛЫН ОРОНД
Америкт хэсэг зуур байх хугацаанд Сан - Францискогоос эрдэмтэн нийтлэлч, судлаач Ширчингийн Баатар Ажиа гэгээний “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” (Хөх нуураас тодорсон монгол гэгээний туулсан амьдрал). Канадын Торонто хотоос А.Батцэнгэл “Загдын Аюуш” гэх армийн алдарт хурандаа З.Аюушийн тухай, Вашингтоноос эрдэмтэн, орчуулагч Мягмарын Саруул-Эрдэнэ “Николас Поппейн “Дурдатгал” зэрэг сонирхолтой, уншууртай сайхан номуудаа шуудангаар явуулсныг хүлээн авлаа. Мөн саяхан энэ газар ирсэн нэгэн номын нөхөр төр нийгмийн зүтгэлтэн Дэндэвийн Тэрбишдагвын “Зааг” номыг бэлэглээд буцлаа. Энэ дөрвөн ном сонирхолтой төдийгүй сургамжтай, танин мэдэхүйтэй, оюун ухааны цэнэгээр дүүрэн намтар, дурсамжийн номууд байсан нь сүүлийн үед баримтат зохиол сонирхогчид болоод туурвигчид хүчээ авч байгааг харуулж байна. Ажил бололцооны завсар чөлөөгөөр сүүлийн үед гарсан номуудын дотроос уншигчдын ихээхэн анхаарал татаж, ид уншигдаж байгаа Д.Тэрбишдагвын “Зааг” номын талаар бичсэн шүүмжийг “Нүүр номондоо” нийтэлж байна.

“ЗААГИЙГ НУРААЖ, ГҮҮР ТАВЬСАН БҮТЭЭЛ”-ИЙН ТУХАЙД
Номыг шүүхүй

“ЗААГ” - сонирхолтой нэр юм. Ийм нэртэй ном гараад удаагүй боловч анхаарал татаж, түгэн тархаж эргэцүүлж байгаа мэдээг дуулж мэдлээ. Зохиогч нь олны танилаас танил нэгэн. УИХ-д тасралтгүй дөрвөн удаа буюу 16 дахь жилийн гараандаа яваа эрхмийг танилгүй ч яахав. Гишүүн бүрийг танихгүй тал ч бас бий. Дөрвөн жил байтугай 4О жил суугаад ч танигдахааргүй гишүүн ч байх юмаа. Уг нь “Үхээнц улстөрчийг зэвэрсэн хүрз мэт хаяж байх ёстой” ч, хаяж чаддаггүй нь манай ард түмэн. За тэр ч яахав. Энэхүү уншигчийн сонирхлыг асааж өгч байгаа номын зохиогч нь төр, нийгмийн зүтгэлтэн Дэндэвийн Тэрбишдагва. Танихгүй хүн байхгүй гэж бодсон ч, таниагүй, танигдаагүй нэг зүйлээ билэг авъяас, чадал чансаа, зүтгэлээ энэхүү номоороо ил болгожээ. Тэрбээр сонин, хэвлэлүүдэд даацтай ярилцлага өгсөн байдаг. Ер нь шударга, шулуун, ил тод, нээлттэй, дайчин шуурмаг, хал үзсэн, хашир суусан улстөрчдийн тоонд багтана. Шинэ санаа, сэдэл, улс орны өөрчлөлтийн сэдэвтэй, нэлээд шүүмжлэмхий, зоримог, шийдвэртэй төрх шинж харагддагийг хэн хүн мэдэх байлгүй.
Харин сүрхий бичиж туурьдагийг “ЗААГ” хэмээх 6ОО гаруй хуудастай томхон номоос нь олон нийт захаасаа таньж эхэлээ. Танихаар барахгүй, бичиг номын чадвартан гэдгээ зэгсэн таниуллаа. Үг, өгүүлбэр бүртээ өөрийгөө таниулдаг зохиогч болоод зохиолч бий. Улс төрийн нийтлэлийн өвөрмөц илэрхийлэлттэй, энгийн агаад элгэмсэг өгүүлэгч, чадалтай туурвигч гэдгээ таниулсан энэ ном чансаатай, чанартай, юм юмны зах сэжүүртэй, сургамж дохиоллоор дүүрэн, ерөөсөө салахгүй байсаар дуусгахаар бүтээл болжээ. Ном унших зуураа номынхоо хуудас бүрт уягдаж байна гэдэг ховор. Сайн нэр номын агуулгыг илэрхийлдэг, сэтгэлгээг ч задалж өгдөг, хэрвээ ийм нэрийг олоогүй бол олон юм орхигдож магадгүй байв. “Зааг” гэдгээс л өрнийн сэтгэлгээ “үнэртэж” байна. Аргагүй ч болов уу? Амьдралынхаа олон жилийг Германд оронд суралцаж, ажиллаж, амьдарч, багш, орчуулагч хийж, бизнес эрхэлж, элчин сайдын алба хашиж, тэр ч байтугай тэр нарийн шалгууртай газрын томхон хотын төр захиргааны байгууллагад алба хашиж байсныг уншиж мэдлээ. Тэгэхлээр герман боловсролтой, герман хариуцлагатай, герман сахилгатай, герман цагтай, герман сэтгэмжтэй байх нь зүй бизээ.
“ЗААГ” – Нямбай, нарийн сэтгэлгээтэй, няхал боловсролтой хүний чимхлүүр сэтгэлгээний туурвил болжээ. Номын агуулгыг ярих нь утгагүй, уншигчид дор дороо тайлж байгаа, тайлах ч биз. Гол нь одоо бидний хэдэн монголчуудын амьдралд, нийгэмд, сэтгэлзүйд, бодол санаанд гарсан гүнзгий ангал зааг арай хэтэрчихээд байгааг хэн нэгэн нь доривтой эхэлж хэлэх ёстой, тэр заагийг арилгаж, нийгмийн олонлогийн хооронд, хүмүүсийн хооронд, улстөрчдийн хооронд “гүүр тавих ариун агаад дэвшилтэт санаа” дэвшүүлэх нь нийгэм цаг үеийн зайлшгүй захиалга байсан. Бид өнөөдөр ямар байна? Нам дотроо ч хэдэн хэсгээрээ хуваагдсан заагтай, хөгшин залуу гэдгээрээ бүр эвлэршгүй гэмээр заагтай, тэр ч байтугай ах дүүс, гэр бүл дотроо ч заагтай болчихжээ. Энэ ЗААГ нь Монгол орны хөгжлийг 2О гаруй жилээр боомилж ирлээ. Нэн яахын аргагүй чухал, хөгжлийн хөтөлбөрийг улс төрийн зорилгоор ганц алх цохиод л улс орныхоо хөгжлийг 5-хан секундын дотор тав, арван жилээр хойшлуулж, улс орон, ард түмнээ хохироож чадаж байна. Энэ зааг гэгч нийгмийн амьдралд ч, хувь хүмүүсиЙН амьдралд ч хорлон сүйтгэгч чанартай болсныг харуулсаар байна.
Бид ардчилал хэмээх хүн төрөлхтний бий болгосон үнэт зүйлийг буруу ташаа ойлгосноор зах замбараагүй ардчилал, дур зоргын ардчилал, дүр эсгэсэн ардчилал, задгай танхай ардчилал, хуурамч ардчилал, хоосон хөөсөрсөн ардчилал болгож, тун харамсалтай нь түүнийхээ “үр могойн” шүлсэнд хордсоор явна. Энэ бол нөгөөх л аймшигт ЗААГ гарсны илрэл.
Нэг үе сахилга бат, дэглэм журам ярьсан хүнийг хоцрогдлын туйл, өнгөрсөн нийгмийн үлдэгдэл гэсэн нэр хаяг зүүж, зааг гаргаж байсан, түүгээр зааглагдаж шинэ хуучин гэлцэн бие биеэ хэмлэх болсон. Үүний үрээр ямар ч байсан хариуцлагатай, сахилга баттай, дэгтэй, ёс зүйтэй байхыг дээдэлж явах ёстой зарчмыг олон жил хөсөрдүүллээ. Ардчиллын эх орон Америкт биднийх шиг соёлгүй танхай, хийрхсэн, эрхийн алхайрал болсон ардчилал алга. “Ардчилал гэдэг бол ерөөс хууль” л юм байна. Хуулиа дээдлээд, хууль эн тэнцүү шударга үйлчээд, хуульдаа захирагдаад явна гэдэг бол жинхэнэ ардчилал юм байна. Шүүх засаглал, улс төр гэдэг нь голын эргийн хоёр талд бие биеэ рүүгээ тусгадаг прожектор гэдгийг харуулж чадаж байна. Тэр тусгасан гэрэлд ямар ч ноцтой дутагдал өдөр шиг цэлийн харагдаж түүний гэрэлд олон түмэн хараагаа хурцатгана. Хуульт засаглал маш энгийнээс адармаатай гүн бүтэц рүүгээ чиглэгдэнэ. Энгийн жишээ хэлэхэд л, наад зах нь хэдэн сартай жаахан хүүхдээ машин тэргэндээ өвөр дээрээ суулгаад задгай авч явбал эцэг, эхийг шууд аваачаад л шоронд хийчихнэ. Нөгөө талаас нь харвал эцэг эхгүй хүүхэд тэгээд яах юм бол? гэж бодмоор эсэргүүцмээр. Гэтэл “хуулиар иргэдээ сахилгажуулдаг” юм байна. Нэг амьдрагч нь нөгөөдөө чимээ шуугиан гаргаад амар тайванг нь алдагдуулбал шууд цагдаа дуудаад л бариад өгчихнө. Манайх яадаг билээ, хивс, шал хөвөлзтөл дээрээс нь ус алдчихсан мөртлөө арзайтал инээгээд юу ч болоогүй юм шиг л байдаг. Хүний эзэмшил газрын зүлэг рүү хөл гишгэх байтугай жаахаан тоомсоргүй царай гаргаад тамхины ишээ чулуудчихвал ер нь буудчихад хууль зөрчсөн зүйл байдаггүй бололтой, Үндсэн хуулиараа ч баталгаажуулаад өгчихжээ.
Бүх талаар их зааг ялгаа байнаа, энэ бүхнийг Д.Тэрбишдагва “герман хийцийн дуран авайгаар” нарийн шагайж, өнгөрсөн өнөөг нийтгэж харуулж чадсан байна. Монголд бий болоод байгаа “Чөтгөрийн тойрог” бол хүмүүсийн хооронд тогтчихоод байгаа энэхүү зааг, хана хэрэм, хашаа, эрэг гуу, жалга, харанхуй ангал юм. Нийгмийн сэтгэлзүйг ажвал “сэтгэхүйн иргэний дайн” болж байгаа шиг санагдана. Нэр төр ч хэрэг алга, зүтгэхийн хэрэг ч алга, ариун явахын ч хэрэг алга, алдар нэрийн ч хэрэг алга гэсэн сэтгэлзүй тогтвоос юун төрөө дээлэх болоод улс орны хөгжлийн тухай хэрхэн ярих билээ. Ийм нийгмийг хаанаас яагаад бий болгоод байгуулчихваа. “Ална хядна” гэх зэрлэг балмад үг аманд орж ирэх байтугай, амьсгалаар түрэгдэж гаргаж үзээгүй, амьдралдаа нэгээхэн ч хэлж байгаагүй өмнөх үеийнхнийгээ эргэн бодоход үнэхээр бахархалтай.
Д.Тэрбишдагва эрхэмтэн энэ номоороо олон олон санааг нийгэм, хүн рүү шүгэлджээ.
“ТӨР ДОР МӨРГӨМҮ” гэх шинэлиг хэлцийг гаргаж тавьжээ. Уг нь ийм санаа эрт дээр үеийнх л дээ. “Төрийн сүлд минь өршөө, төр түшиг” гэж... Ганц найддаг юм л төр маань байвай. Одоо төрийг л муулж дайрч давшилж, гутааж байвал тэр хүн бол шударга хүн болж бусдад таалагддаг бололтой. Харамсалтай нь өнөөгийн төр, төрийн зүтгэлтнүүд нь зангараггүй, нударгагүй, бяд чадалгүй, бие биедээ ашиг сонирхлоороо барьцаалагдсан тор, сүлжээ тогтсонтой холбоотой. Номхон үлбэгэр улстөрчийг хэн ч тоохгүй, харин ч нэгэнтээ төрд олны итгэлийг хүлээгээд гараад ирчихсэн бол нэр нүүрээ бодолгүй, аливаа бусмаргын эсрэг зоригтой, золбоотой, шударга шулуун , няцашгүй тэмцсээр зорилгодоо хүрдэг номтой, жамтай байх ёстой. Ингэж байр байрандаа байж чадваас “Төр гэдэг бол адгийн амьтнаар тоглуулдаг тоглоом” биш юмаа.
Монголчуудын хооронд аймшигт ЗААГ гарчихсан нь бараг 1ОО хувь нь атаархалаас...түүнээс үүссэн дайсагналаас...үзэн ядалтаас... хорсолоос...занал зүхлээс... хэрүүлийн бузраас... амин хувийн, хэсэг бүлгийнхнийхээ эрх ашгийг бодсоноос... үүдэлтэй.
Монголчууд бид өнөөдрийнх шиг эв түнжингүй байсан удаагүйсэн. Хамгийн ариун, гэгээн, нинжин, жудаг номтой байх ёстой сүм хийдийн газарт ч атаархлын чөтгөрийн хөх гал сүүмэлзэж байх юм. Улс төрийн үзэл бодлын зөрөө байлгүй яахав, үнэндээ “Зөрчилгүй төр ялзардаг” түүнийг даган намирч байгаа энэ олны хийрхэл Монголыг хоёр байтугай хэд хэд хуваачихсан төдийгүй бас дотроо олон зааг ялгаатай.
Номноос үүдсэн санаагаа орхиж, номондоо эргэж орвоос баримтат туурвилзүй нь урансайхны туурвилзүйгээс ч маш хүнд хэцүү. Гөрдөж болохгүй, худлаа байж болохгүй. Жаахан дэгс юманд л эвдэрнэ, нурна, хэмхэрнэ. Тамхи татдаггүй хүнийг урт соруултай гаансаа бариад гэвэл дуусаа. Тиймээс үнэн зөвийн, бодит баримтын эрэлд хатна. Архив, тэмдэглэл, олон ном үзэх, газар орноор аялах, мөрөөр мөшгөх, дурсан санах, ой тогтоомжоо хурцлах, мартсанаа эргэн дуудах зэргээс гадна бас амьд гэрч, чухал хүмүүстэй уулзана. Өгүүлбэр бүрийг баталгаажуулна. Нэвтэрхий толь хийхтэй адил. Дэндэвийн Тэрбишдагва төрийн нүсэр албаны зэрэгцээ энэ дайтай номыг бүтээхэд ихэд зовж зүдэрсэн байж таараа, 6О-аад жилийн амьдралаа үе үеэр нь эргэж харсан байж таараа. Заримд нь хөл алдсан байж таараа. Няцаж буцсан ч байж таараа. Тархины хөлсөө дуслуулж, эцэж цуцаж хийсэн бүхэн амттай. Тиймээё “ЗААГ” номыг уншихад үнэхээр амттай, нэн сонирхолтой байлаа. Энэхүү ном “сонирхолтой нийтлэлзүйн” төрөлд орно. “ЗААГ” ном нь ганц хувь хүний гагц хөвөрсөн дурсамж биш, эргэцүүлэл, бодомж, нэхэл, уянгын халил, зөөлөн эмзэглэл, тоймлосон үечлэл, үзэл санаа, хэтийн бодлого гээд юм бүхэн сав савандаа багтан орсонд байна. Урд өмнө улстөрчдийн дурсамж, тэдний тухай ном уншиж л байлаа. Үгүйсгэж болохгүй ээ, часхийсэн номууд гарсан, гарах ч байх. Санаанаас санаа ургуулна шүү дээ. Харин энэ ном уншигчдад их санаа өгнө дөө, өөрсдийгөө зэрэгцүүлэх харах ухаан өгнө. Зарим нь ч бас атаархана биз. Харин надад даац сэтгэлгээ, бодомж, хийц хэлбэр, өнгө үзэмж, агуулга бүтцийн зохион байгууламж, үзэл санаа арай өөр жинтэй болсон сэтгэгдэл төрлөө. Ер нь хувийн дурсамж бичигчид хувийн амбийцад хэт баригдвал энэ дайтай болж чадахгүй. Агуулга далай мэт өргөн дэлгэр байх хэрэгтэй. Тэр гэнэн хуудамгай, хэт сэтгэлийн хөдөлгөөн, хэрэгтэй хэрэггүйг ялгах чадалгүй элдэв балайрлаас хөндий байж, түүнээс давж гарч чадвал онцгой содонг бүтээнэ.
Д.Тэрбишдагвын хувийн түүх бол Монгол Улсын маань сүүлийн 6О жилийн түүх. Хэдийгээр хувь хүн ч гэлээ, хүн бүр цаг үеийнхээ бүтээгдэхүүн. Хар багаасаа хэдэн мянган ажилчинтай алдарт Махкомбинатад үг сүггүй, амралтын өдөргүй, нялх үрээ хүртэл мартан ажиллаж байсан үеийг уншаад аргагүй социалист гэх тэр нийгмийн сэхээтэн залуугийн дүр өөрийн эрхгүй бууна. Ер нь хэн хүнгүй, ахмад үеийнхэн бүгдээрээ л тэгж байж л Туулын хөндийгөөр дүүрэн аж үйлдвэртэй шинэ Монголыг нуруун дээрээ босгосон л доо. Социалист залуу хэрхэн капиталист залуу сэхээтэн болсон нь ч харагдана.
Номыг зохиогч үзгээ хөдөлгөх бүртээ баримт дэлгэж, түүнийг амьдруулж, уншууртай сонирхолтой болгосоноос нь сургамж , жишээ авахаар болсонтой хэн хүн санаа нийлнэ гэж бодож байна. Энэ бол номын үнэ цэнэ юм. Урлах аргыг эзэмшээгүй, хийц хэлбэрийн ойлголтгүй бол ямар ч шохоорхолтой баримтыг баллаж, сүйрүүлж хаядаг нь тодорхой. Д. Тэрбишдагвын “ЗААГ” ном сонирхолтой шийдлээр элбэг баян болохоор аль хэсгээс дурдахаа мэдэхгүй самгардаж байна. Сайн морийг унаж таньдаг шиг сайн номыг уншиж л танина, уншиж мэдрэхгүй бол тэр ертөнц рүү орох хаалга хаалттай. Эргэн дурсахуй, мөшгөн танихүйд тулгуурлаж өнөөг авчирч, дотоод бодол эргэцүүллийг авчирснаараа баримтат, эсээ нийтлэл бүтээлд жинтэй байр эзлэхээр болсныг зориуд судлаачдын анхааралд оруулан тэмдэглье.
Дурсамж эргэцүүлэл, цэгнэхүй, нэхэл хэлбэрийн ийм номыг юм үзэж нүд тайлсан, олон оймс элээсэн хүн л хийнэ. 2О гаруй жилд 2О гаруй байгууллагыг удирдсан, хийж бүтээсэн зүйл ихтэй хүнээс ийм юм гаралгүй яахав. Капиталист, социалист гэсэн хоёр том ертөнцийг заагласан “Зааг” хана хэрэм нурж, ертөнцийг үзэх үзлийг тэр чигээр нь нураасан 1989 оны хоёр Германы нэгдлийн үйл явдлыг биеэрээ туулж, нүдээрээ үзнэ гэдэг хэн хүнд тохиолдоогүй зүйл. Тохиолдсон л байх л даа, ингэж дэлгэж тавьсан Монгол хүнийг үзсэнгүй. Ингэж ертөнцийг тусгаарлаж байсан хана зааг нурж унахыг анх харсан нь энэ номын үндсэн санаа, агуулгатай салшгүй холбогдож байна. Өнгөрсөн үеийн түүх болгон сонин л доо. Энэхүү аймшигт эвдэршгүй гэмээр хана хэрмийг нураах үүдлийг эхэлсэн жинхэнэ хэргийн эзэн бол М. С. Горбачёв. Тэр хүн цагаа олж төрөөгүйсэн бол өнөөдөр дэлхий хоёр тийшээ зааглагдсаар, үнс нурам ч болсон байж магад.
Гэвч бас нураасан хана эргээд босоод ирдэг аюул бий! Заагийг гүүр болгож чадахгүй бол эргээд л хана хэрэм босно! Одоо ч энд тэнд шинэ хэрэм босож бүүр зузаарч байна. Хамгийн гол нь итгэл найдвар алдагдахаар л дахин ЗААГИЙН СҮНС амилдаг байх юм. Тэнгэрийн заадас, улсын маань дархан хилийн зааг л мөнхөд оршиг. Монгол маань, ард түмэн минь дахин бүү зааглагдаасай!
Номонд нүдийг нь олж, тусгасан нэгэн мундаг афоризм бий. “Хэн оройтож ирнэ, амьдрал түүнийг шийтгэнэ” гэсэн Горбачёвын ганцхан үг л хана хэрмийг нураах үндсийг тавьсан байна шүү дээ. Энэ үгийг Д.Тэрбишдагва амьдралынхаа туршид бодсоор явж, бас туулсан амьдралыг нь харваас хэрэгжүүлсээр явж. Энэ улстөрчийн замналыг эргэж харвал, өөртөө босгосон хана хэрмээ нурааж ирснээрээ өөр байж болох юм. Үг аугаа хүчтэй. Үг агуу эвдэгч, сүйрүүлэгч, үг агуу аврагч, агуу бадруулагч мөн. Улстөрч хүний дурсамж нийтлэлийн ном иймэрхүү л үг хэллэг, иймэрхүү л агуулга бүтэцтэй байх болов уу? Жирийн малчин, ажилчны хүү, хар багадаа аав, ээжээсээ богинохон хугацаанд гэнэт өнчрөн хоцорч, амьдралын эрхээр газар газар шидэгдэж , хэчнээн ч дунд сургуулийг дамжиж явсан юм бэ? Түүний багаасаа туулсан нь багагүй бас амаргүй ажээ. Зөв хүүхэд бол зөв л явна, бүдэрсэнгүй, замаа алдсангүй. “Надад хүүхэд нас гэж байгаагүй” гэж Майкл Жексоны дурсамжид байсан байхаа. Түүнтэй адил том хүн шиг л зүтгэж байж, аав ээжгүй өнчирч хоцорсон арван хэдтэй хүүхэд байхаасаа л хэрсүүжиж, Их баян, Бага баян, Санзайн ам руу үеийн найз нартайгаа хамтаар жимс түүж, заримдаа оройтож, шөнөдөө түнэр харанхуй ойд бяцхан зүрхээ бумбалзуулан байж хоноглон сав, саваар жимс түүж, тухайн үедээ 4О төгрөг олж подхийсэн орлоготой болж байсан нь ирээдүйн нэртэй бизнесмений гарааг сургуулиар биш, амьдралаараа олсон юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.
Ер нь номын нэгэн бүлгийн эхлэлд “Амьдрал бол тэмцэл, тэмцэл бол амьдрал” гэж хувийн өөрийнх нь философио бичсэн нь номын эхний бүлгээс авахуулаад төгсгөлийн өгүүлбэрийн цэг тавих хүртэл үнэн бодитоор мэдрэгдэж, ойлгогдохоор болсон нь ихээхэн үнэ цэнэтэй байлаа.
Аль болгоныг тоочих билээ. Сэтгэл байвал бүтээж болдог нэгэн жишээг ийнхүү их л бахдаж уншлаа. Герман дахь элчин сайдын яаманд зохион байгуулалтын, эдийн засгийн, аж ахуйн ноцтой асуудал үүсчээ. Байшин барилга нь ч хуучирч муудсан юмуу, шинээр эхэлсэн барилга нь ч хөрөнгө мөнгөнөөс болоод явахаа больчихсон юм уу, Герман, Монголын харилцаа ч ойлгомжгүй болсон юмуу, тийм нэг бэрхшээл тулгарахад Д.Тэрбишдагвыг Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилжээ. Германд газардангуутаа л онгоцны буудлаас шуудхан л Элчингийн таг зогсчихсон барилга дээр очиж байгаа, дараа нь овсгоо самбаа гарган, янз бүрийн арга, харилцаа үүсгэн, чин сэтгэлээсээ мэрийн зүтгэснээр, хамт олны хүчийг зангидснаар хаанахын ямар ч элчингээс дутахааргүй гоё сайхан барилгыг босгосон хэсгийг уншаад энэ нөхөр ерөөсөө ажлын төлөө төрсөн, бүтээхийн төлөө төрсөн, түүнээ үгээр биш, үйлээр харуулдаг зүтгэлтэн байна гэж урамшил төрлөө. Бас нэг л явах янзгүй болчихсон Хөдөө аж ахуйн яамыг яаж босгож өндийлгөж, хөдөөгийн өнгө өөрчлөгдөж ирсэн нь өөр мэргэжлийн мань мэтэд хүртэл мэдрэгдэж байсан юм.
Төрөлх Архангай аймгийн Эрдэнэмандал сумынхаа байгалийн үзэсгэлэнт нутаг усны тухай, үүх түүхийн тухай, гал голомт, өвгөд дээдэс сайхан хүмүүсийнхээ тухай дурдахад ялангуяа уншигч миний сэтгэлд өнгөтөөр үзэж байгаа юм шиг бууж үлдсэн хүн бол зохиогчийн аав Дэндэв абугай юм. Ийм ухаант өвгөчүүд байсаан. Нэгэн хүрээний унзад лам байгаад “Хоолой” Дэндэв гэсэн алдар авчээ. Унзад лам хоолойгоор гайхуулдаг, уншлагын татлагыг нь тааруулж хөтөч болон залж чиглүүлдэг юм билээ. Хэзээний номч, зөнч, мэргэч тул 1932 оны Тариатын ламын нарын бослогын үеэр амь нас дээсэн дөрөөн дээр иржээ гэдгийг мэдээд уул, хадаар хэдэн жил тэнүүчилж явсаар цаг тавигдахад бууж ирээд амиа аварсан тухай хэсэг юм. Гарын гайхалтай уртай, ирлэсэн сүхээр гэхэд л үс авч болохоор гэдгийг эргэцүүлээрэй. Бурхан гартай энэ хүндэт буурал цагаан сар болохын өмнөхөн дутуу орхисон ажлаа дуусгачаад гэр рүүгээ, үр хүүхэд рүүгээ, бурхан тахилаа гаргахаар сандарч яваад автомашины осолд орсон эмгэнэлийг ч уншиж болно. Өвгөн өдөр шөнөгүй зүтгэсний хүчинд “хөдөлмөрийн хүндэт медаль” аваад, хөл нь газар хүрэхгүй яасан их баярласан тухай сэтгэл догдлон бичжээ, шагнал үнэ цэнэтэй байх үе гэж гоёо.
“ЗААГ”номын төгсгөлийн “Хүчирхэг Монгол эргэж ирнэ” бүлгийг уншигч Танаа үлдээе. Энэ бүлгийг бүхэлд нь Монгол орныг яаж хөгжүүлэх вэ? гэсэн асуултад их үндэстэй, их бодлого, хөтөлбөр болгууштай, даацтай том тусгасныг дурдая. Зөв монгол хүн, хөгжлийн зөв стратеги, зөв зохистой бодлогыг боловсруулан тавьсан нь оюутан сурагчдад ч, улс төрийнхэнд ч, ерөөсөө хэнд ч санаа авмаар үзэл санаа, философи байх юм. Манайхан хөгжлийн бодлогыг гаргаад, цаас болгоод ширээндээ мартчихдаг. Түүнийг дараачийн Засгийн газар сөхөж үзэх нь бүү хэл, нэрийг нь хэлэхээс цээрлэдэг. Яагаад гэхлээр дайсагнадаг өөр хүний үед гаргасан бодлого, тэр намын бодлого гээд нөгөө “ЗААГ” гэдэг ойлголтоороо зориуд үгүйсгэдэг, үрж хаядаг, мартаж орхидог.
Д.Тэрбишдагвын бодлого дотор хөгжлийн гарцыг олж харсан зөв стратеги байна лээ. Энэ стратеги бодлогоо олон жил төрд зүтгэсэн зүтгэл, туршлага, дадлага дундаас, яг одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог толгойлж байгаагийн хувиар, бас чиг эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй санал солилцож, ярилцаж, маргаж, олсон санаа байх гэж бодлоо. Хөдөлмөрч, сахилга батттай, хуулиа барьдаг, боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй шинэ хүнийг бэлтгэж, тэр л монгол хүнээ тойрсон улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлийн бодлогыг төлөвлөрүүлэх ёстой гэсэн зах зах зээлийн хуулинд хэт найдаж задгай тавилгүй, төлөвлөгөө, төрийн зохицуулалт хэрэгтэй гэдгийг л гаргаж тавьсан байх юм.
Аль ч улс төрийн харьяалалтай бай, аль ч насны хүмүүс бай тэдний хооронд үүссэн ангал, бүх талаараа зааглагдсан ЗААГИЙГ ЭВЛҮҮЛЭН, эвсүүлэн нийтгэн нийлүүлж, ЗААГГҮЙ БОЛЖ, өөрөө өөрсөддөө тавьсан ХАНЫГ НУРААЖ, ГҮҮР ТАВЬЯ гэсэн чухал гүн ухааны санаа бүхий энэхүү ном үеэс үед дамжин өртөөлөх болтугай.


Үүсгэсэн: 2017-12-01 12:56
Мэдээллийг ачааллаж байна ..