Хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүчний Н-2В визний мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ.

Хамаарах огноо: 2018-01-25 21:06

Хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүчний Н-2В визний мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ.

ХАРИН Н-2А ВИЗИЙГ ХЭЗЭЭЧ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ -


АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлбергтэй ярилцлаа.


-Америк руу ажиллах хүч илгээх H-2 визийг хэрхэн яаж мэдүүлэх вэ. Та ерөнхий журмыг нь танилцуулахгүй юу?

-Манай ЭСЯ энэхүү H-2 ангиллын визийг мэдүүлэх журмыг гаргасан байгаа. Үүнд гол анхаарах зүйл нь тухайн ажил горилогч өөрөө ажлын байраа олохдоо тун хариуцлагатай хандах хэрэгтэй. Виз мэдүүлэгч нь эхлээд түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа америкийн компани юмуу зуучлагч байгууллагаа өөрөө сонгож олно. Энд тодотгоод хэлэхэд манай ЭСЯ нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй юм.H-2 виз нь урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл л дөө.

АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авна. Ингээд цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах I-129 маягтыг АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргах учиртай. Зөвхөн энэхүү өргөдөл нь батлагдсан тохиолдолд боломжит ажил горилогч нь АНУ-ын виз мэдүүлнэ. Дараа нь ажлын гэрээтэйгээ танилцаж дээрх маягт батлагдсан эсэх, хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Ингээд англи хэлээр бичигдсэн ажлын гэрээг хүлээн авч, гарын үсгээ зурах ёстой. Тэгээд I-129 өргөдлийн маягт нь батлагдсан эсэхийг нотолсны дараа DS-160 электрон визний анкет бөглөж, 190 ам.доллартай тэнцэх төгрөгийн хураамжийг тушаана. Үүний дараагаар H-2 ангиллын визэнд орох ярилцлагын цагаа товлох боломжтой. Виз мэдүүлэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын шаардлага хангасан нэг хувь цээж зураг болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна. Тухайн иргэнд виз олгогдсон тохиолдолд АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ. Ажлын гэрээ нь дуусгавар болмогц АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө H-2 визний статусыг зөрчилгүйгээр шууд Монголд буцаж ирэх ёстойг журамд хатуу тусгасан байгаа.

-АНУ монголчуудад H-2 визний зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор тус улсад богино хугацааны ажлын байруудыг санал болгосон жагсаалт сошиалаар явж байна. Энэ нь хэр баталгаатай юм бол?

-Америкийн ажил олгогч нар H-2 визээ олгож байсан урт хугацааны түүхтэй. Өөрийнхөө мэддэг хэлээр гүүглээс хайлт хийхэд тухайн ажил олгогч нарын талаар шаардлагатай мэдээллүүд гараад ирэх боломжтой. Ажил олгогч нь санал болгож байгаа ажлын байран дээр хэдэн насны, ямар хүн хайж байгаа мэдээллүүд нь байж байдаг. Харин сошиалаар ажлын зарууд явж байгаа асуудал нь бидний эрх мэдлээс гадуурх үйл ажиллагаа. Виз мэдүүлэхээр зэхэж буй хүмүүс маань энэ төрлийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн хүмүүст хандахдаа эдийн засгийн тооцооллоо сайн бодох ёстой. Тэд ихэвчлэн үйлчилгээний хөлсөнд их хэмжээний мөнгө авдаг талтай. Гэтэл Америкт очоод энэ зардлаа олж чадахгүй, санхүүгээрээ хохироод ирж болзошгүй. Иймд энэ зэрэг асуудалд сайтар үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэйг дахин сануулъя.

-H-2 ангиллын виз мэдүүлэгчдэд хэлний шаардлага тавихгүй гэл үү. Зуучлалын компаниар дамжих болно. Ер нь виз мэдүүлэхээр зэхэж байгаа хүмүүст юуг анхааруулах вэ?

-Ер нь бол хэлний шаардлага тавихгүй. Гэхдээ тухайн ажлынхаа онцлогоос шалтгаалаад англи хэл шаардахаар байвал бид виз олгохгүй тал дээр анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, IT-гийн компани монгол хүнийг ажилд авлаа гэж бодъё. Бусад компаниудтай харьцуулахад олон дуудлага хүлээж авна. Тэгэхээр ажил олгогчийн зөвшөөрүүлсэн өргөдөл дээр “Энэ хүн ресепшинээр ажиллана. Ажиллахдаа англи хэлээр дуудлагууд хүлээж авч хариулна” гэсэн байхад тэр хүн англиар ярьж чадахгүй байх юм бол мэдээж бид виз олгохгүй. Бас гоо сайхны салонд ажиллах хүн үйлчлүүлэгчийнхээ үсийг урт, богино ямар хэмжээтэй тайрч, засахад хоорондоо ойлголцдог хэмжээний англи хэлтэй байхад болно шүү дээ. Харин ачаа зөөдөг “pony” машины жолоочийн ажилд хэлний шаардлага тавигдахгүй нь ойлгомжтой.

-АНУ-д түр хугацаанд хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүч авах квот ялгаатай гэдгийг та өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ танилцуулсан. ЭСЯ визний мэдүүлгийг яг хэдийнээс авч эхлэх вэ?

-Ерөнхийдөө H-2A буюу хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин авах тоо хязгааргүй. Хөдөө аж ахуйн бус салбарын H-2B виз нь лимиттэй. Энэ нь жилдээ нийт 66 мянган хүн ажилд авдаг квот тогтоосон байдаг. Ингэхдээ ажиллах хүчнээ жилд хоёр хувааж авдаг. Америкийн санхүүгийн жилийн эхний хагас буюу аравдугаар сарын 1-нээс түрүүчийн 33 мянган хүнийг авдаг юм. Дараагийн 33 мянган ажлын байран дээр дөрөвдүгээр сарын 1-нээс виз олгож эхэлнэ. 2017 оны хувьд эхний 33 мянган ажлын байр нь арванхоёрдугаар сарын 15 гэхэд дүүрчихсэн байсан. Харин Монголын хувьд H-2 ангилалын визний зөвшөөрөл нэгдүгээр сарын 18-нд олгогдсон. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс H-2В ангилалын хоёр дахь ээлжийн визний мэдүүлэгт монголчууд орох боломжтой. Заримдаа жилийн эхний хагаст 33 хүн ажиллах хүчин авах ёстойгоос 28 мянган ажлын байр дүүрдэг. Ийм тохиолдолд үлдсэн таван мянган ажлын байрны квот нь хоёрдугаар хагас руугаа шилждэг. Харин өнөө жилийн хувьд тийм зүйл болсонгүй.

-Энэ 33 мянган ажлын байрны тоог H-2 визний зөвшөөрөлтэй улсууддаа хуваарилж өгдөг үү?

-Үгүй ээ. Дэлхий нийтдээ 33 мянга гэсэн тоо өгдөг. Тэрнээс аль нэг оронд тэдэн хүн гэсэн лимит байхгүй.

-Тэгвэл дугаарын хязгаарлалтгүй H-2A визний хувьд одооноос мэдүүлэх боломжтой гэсэн үг үү. ГХЯ-наас АНУ-ын ЭСЯ-тай хамтраад журам гаргана гэж байсан л даа. Тэрийг хүлээх шаардлагатай юм болов уу?

-Үүнийг хэзээ ч эхлүүлж болно. Манай ЭСЯ-ны хувьд H-2 визийг хэрхэн мэдүүлэх тухай журмыг ярилцлагынхаа эхэнд танилцуулсан. Бид ажилтан, ажил олгогч хоёрын процесст оролцох ёсгүй. Монгол Улс анх удаа H-2 хөтөлбөрт хамрагдаж байгаа болохоор ГХЯ энэ тал дээр өөрсдийн зүгээс хийх ажлуудаа тодорхой болгохын тулд жаахан хугацаа орж магадгүй. Юутай ч ЭСЯ-ны зүгээс H-2 виз мэдүүлэх журмаа ГХЯ-нд өгсөн. Энэ дагуу ГХЯ өөрсдөө ямар журам боловсруулахыг хэлж мэдэхгүй байна.

-Хөдөлмөрийн хөлсний тухайд сонирхуулахгүй юу. Тухай ажил горилогчийн эрсдэлийг тооцож ЭСЯ-наас ямар нэг хяналт тавих уу?

-Ерөнхийдөө голдуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхэлдэг. Дээд хязгаар гэж байхгүй. Тэгэхээр цалингийн хэмжээ хөдөлмөрийн доод хөлснөөс бага байх ёсгүй. Энэ тал дээр Консулын хувьд нягталж, шалгах ёстой. Тэнд ажил хийхээр очиж байгаа хүмүүс Америк дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авахаар гэрээ хийж болохгүй. Жишээлбэл, Кентаки мужид “pony” машины жолоочийн жилийн цалин 50 мянган ам.доллар байлаа гэж бодъё. Харин виз мэдүүлэхээр орж ирж байгаа монгол хүн маань жилийн 15 мянган ам.долларын гэрээ байгуулсан байвал тэр асуудал үүснэ. Хэдийгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр жилийн гэрээ хийгээд ороод ирсэн байлаа ч гэсэн “pony” машины жолоочийн жилийн дундаж цалинг ийм биш гэдэг нь гүүглээс хайхад хялбархан гараад ирнэ. Хэдийгээр хуулиа мөрдөөд, цалингийн доод хэмжээгээр гэрээгээ хийчихсэн байгаа ч гэсэн “pony” машин жолоодогчийн цалингаас хамаагүй доогуур байх юм бол тэрийг нь асуудал болгоно. Ганцхан цалингийн доод хэмжээгээр биш зах зээлийн шударга зарчмаар цалинжих ёстой. Тэгэхгүй бол америк ажилчдадаа ч сөргөөр нөлөөлж, эндээс ажиллахаар очиж байгаа хүмүүстээ ч шударга бус юм.

-Цаад ажил олгогч тал эндээс очиж байгаа хүний замын зардал, байр, хоолыг нь даадаг уу?

-Үүнийгээ ажил олгогч тал гэрээндээ тусгасан байдаг. Виз олгохдоо үүнийг бид үндэслэж харна. Виз мэдүүлэгч маань “pony” машин жолоодох ажилд жилийн 40 мянган ам.долларын цалин авахаар гэрээ хийчихсэн байя гэж бодъё л доо. Энэ ажлын жилийн дундаж цалинг харахаар 50 мянган ам.доллар байгаад байдаг. Тэрийг нь энэ хүнд ямар ашигтай байгаа юм гэдгийг нь нягтлаад үзэхээр ажил олгогч тал онгоцны тасалбар, байрных нь төлбөрийг төлнө гэж гэрээндээ тусгасан байвал өөр хэрэг. Учир нь Америкт байгаа хүмүүс тэр ажлыг хийхэд замын зардал, байрны асуудал шаардлагагүй. Тэгэхээр эндээс очих зардал, очоод байрлах сууц зэргийн төлбөр нь бараг адилхан болчих учраас тэр тохиолдолд зөвшөөрнө.

-АНУ-д харласан хүмүүсээ татаж авахад Монголын тал сайн ажилласан учраас манай улсыг H-2 визний хөтөлбөртөө багтаасан гэж ойлгож байгаа. Тэгэхээр цаашид Америкт харласан хүмүүсээ буцааж авчирах, визний зөрчлийг арилгуулах тал дээр манай Засгийн газрын зүгээс ямар ажлуудыг хийгээсэй гэж зөвлөх вэ?

-Монголын Засгийн газрын хүсэлтийг манай ЭСЯ АНУ руу дэмжиж санал болгож явуулсан. Тиймээс H-2 визний зөвшөөрлийг олгохдоо Монголын Засгийн газрын манайхтай хамтарч байгаа үр дүнтэй хамтын ажиллагааг үндэслэж дэмжсэн. Тэдгээр ажлуудын нэг Америкт хараар үлдэж байгаа хүмүүсийн тоог багасгахад Монголын засгийн газар хамтарч ажиллаж байгаа. Миний хувьд дөрөв дэх орондоо Консулын алба хашиж байна. Монголын ГХЯ манай ЭСЯ-тай сайн хамтарч ажиллаж байгаа явдал бол надад тохиолдож байгаа анхны орон гэж хэлж болно. Иймд Монголын төр засгийн зүгээс одоогийнхоо хийж байгаа ажлыг үргэлжлүүлээд явах ёстой. Монголын Засгийн газар “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудын ухамсарт нөлөөлөхөд маш сайн хамтарч ажиллаж байгаа. Гэнэтхэн нэг өдөр визний зөрчилгүй иргэдийн тоо тэг болно гэж байхгүй. Энэ ажлыг тасралтгүй алхам алхмаар урагшлуулах хэрэгтэй.

-Америк руу нэвтрэх визний зөвшөөрөл нь хатуу байдгаас болж тэнд очсон иргэд дахиж визэнд орвол унана гэж эмээгээд харладаг тохиолдол их байдаг. Манай орны хувьд танай улсын ардчилсан үзэл санааг 1990 оноос хойш дэмжсээр ирсэн. Дээрээс нь шашны ямар нэг хэт үзэлгүй. Гуравхан сая хүн амтай. Ийм байхад манай иргэдийг Америк руу визгүй нэвтрүүлж болдоггүй юм уу?

-Монгол Улс Америк руу визгүй зорчих хөтөлбөр рүү чиглээд явж байгаа. Гэхдээ урт зам байгаа. Консул бол конгрессынхоо баталсан хуулиа дагадаг. Визгүй зорчих хөтөлбөрт орохын тулд аялагчид итгэл даах ёстой. Тэнд очсон хүмүүс “Би дахиад визэнд ороход гарахгүй байх магадлалтай” гэж амин хувиа хичээсэн бодол гаргаж байна. Тэр хүнээс болж дараагийн хүмүүсийнх нь зам хаагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хувиа хичээсэн бодол гаргахгүйгээр хариуцлагатай аялаад ирээд байх юм бол бидний итгэл найдварыг олно гэсэн үг. Америкт үлдэж байгаа хүмүүсээс болж дараагийн виз хүсэгчдэд итгэл төрөхгүй. “Хариуцлагатай аялцгаая” аян бол хувиа хичээгээд америкт үлдээд байгаа тэр аминчхан ухамсарыг өөрчлөх зорилготой байгаа.

-H-2 визний зөвшөөрөл олгох орнуудыг жагсаалтыг жил бүр шинэчилдэг гэсэн. Тэгвэл энэ ангиллын визний зөвшөөрлийг гурав хүртэлх жил сунгах боломжтой гэж байсан. Хэрэв тухайн улс дараа жил нь H-2 хөтөлбөрөөс хасагдчихвал тухайн ажилтны гурван жилийн эрх нь хамт цуцлагдах уу?

-Тухайн улс H-2 хөтөлбөрөөс хасагдсан ч гурван жилээр ажил хийхээр виз нь сунгагдсан хүнд хамааралгүй. Учир нь тэр хүн ажлаа үргэлжлүүлэх гэж байгаа юм. Монголыг энэ хөтөлбөрөөс буцааж гаргах нэг л шалтгаан бий. Тэнд очсон хүмүүс визний хугацаагаа хэтрүүлэхгүй байх ёстой. Тэгэхээр эндээс явж байгаа монголчууд Америкт визнийхээ хугацааг битгий хэтрүүлээрэй гэж хүсье.


Үүсгэсэн: 2018-01-25 21:06
Мэдээллийг ачааллаж байна ..