Манайх шиг гадны тусламжинд гараа сарвайж, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу?

Хамаарах огноо: 2018-01-25 20:55

Манайх шиг гадны тусламжинд гараа сарвайж, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу?

Д.Тэрбишдагва: Манайх шиг гадны тусламжинд гараа сарвайж, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-ОУВС-гийн Ажлын хэсгийнхэн Монгол Улсад ирээд байна. Өнөөдөр (өчигдөр) Сангийн сайдтай уулзсан байна билээ. Манай орны хувьд татварын нэмэгдлээс эхлээд тулгамдсан асуудлуудаа одоо л сайн ойлгуулах ёстой байх. Таны байр суурь ямар байгаа бол?

-Татварын нэмэгдлийн талаар ярихаас өмнө нэг зүйл хэлье. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай маш нарийвчлан ярьж, хатуу хэлэлцээр хийх шаардлагатай. Хэлэлцээр гэдэг чинь чанд хатуу байж, үг бүрийн үнэ цэнэ, цэг, таслал бүрийг тунгааж байж хийгддэг зүйл.

Үе үеийн Засгийн газар, одоогийнх нь ч гэсэн ялгаагүй “ОУВС-гийнхан тэгж хэлсэн, тэдний өмнө хүлээсэн үүрэг” гэж яриад байдаг юм. Ингэж ярьж болохгүй. Учир нь ОУВС-тай тохироод “Бид ийм ийм нөхцөлийг бүрдүүлнэ, Засгийн газрын байр суурь энэ шүү” гэж чадсан л бол Монголын Засгийн газрын хэлэлцээр болно. Гэтэл манайхан ОУВС гэж мангас байдаг мэт ойлгуулаад, тэд л тэгсэн гэдэг байдлаар асуудалд хандаж, тулга тойрсон жижүүрийн хэдэн үг хэлдэг боллоо.

Өмнө нь ОУВС-тай хэлэлцээр хийж байхад нь би “Наад хүмүүстэйгээ хэлэлцээрээ маш сайн хийх ёстой шүү. Шаардлагатай бол түр хойшлуулж болно” гэж байсан. Өмнөх Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан ОУВС-тай хэлэлцээрийн ширээний ард суусан бол нөхцөл байдал сайнаар эргэх байлаа. Даанч хугацаа алдаж, хүнд нөхцөлд орсон үедээ хэлэлцээр хийсэн. Бид ОУВС-д өөрсдийн байр суурийг тулгаж чадсан уу гэдэг нь одоо ч эргэлзээтэй. Дахин хэлье, уг нь ОУВС-гийн хөтөлбөр биш Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хэлэлцээрийг түр хойшлуулаад ч болтугай өөрсдийн хүсэл, зорилгоо хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байлаа.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлах байсан гэдэг. Дампуурлаас гарахын тулд татвар нэмэхээр болсон гэж шууд утгаар нь хүмүүс их ойлгоод байна...

-Харин тийм. Манайхан их хөнгөн, амар тайлбар хийгээд байгаа. Монгол Улсыг дампуурлаа гэж зарлачих гээд байсан учраас ОУВС-гийн өмнө бид буулт хийсэн. Өөр ямар ч сонголт байгаагүй гэдэг. Өөр сонголт байсан уу гэвэл байсан. ОУВС чинь Монголоос өөрсдөд нь юу хэрэгтэй байгааг, уул уурхайн бүтээгдэхүүнийн нөөцөөс эхлээд алт, зэс, нүүрсний үнэ цаашид зах зээлд ямар байхыг хүртэл бүрэн судална. Тиймээс манайхан өөрсдийн нөхцөлөө тавьж, хатуу хэлэлцээр хийх ёстой байлаа. Өмнөх Засгийн газрын хэлэлцээр байгуулах гэж байсан үеийг бодоход манай одоогийн нөхцөл байдал сайжирсан.

Тиймээс нэмэгдүүлсэн татварынхаа асуудлыг зайлшгүй эргэж ярих ёстой. Архи, тамхины татвар нэмэгддэг л юм байгаа биз. Иргэдийн нуруун дээр ирж байгаа, дарамт болон сөхрүүлж буй энэ татваруудынхаа асуудлыг цэгцэлж, нэг талдаа гарах хэрэгтэй. Хуучин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад УИХ-ын байнгын хороодын дарга нар, УИХ-ын чадварлаг гишүүд орж байсан бол одоо ганц хоёр сайд ороод гарын үсэг зурдаг болж. Үүний тод “хар” жишээ нь Оюу толгойн гэрээ. Төрийн гурван сайд гадаадын нэг компанитай гэрээ хийсэн. Жил ирэх бүр буруу гэрээ хийсэн гэдэг нь ил болж байна. 2009 онд тэр гэрээнд гарын үсэг зурахад нь зарим гишүүд гайхамшгийн гэрээ гэж байсан бол бидний хэсэг гишүүд гутамшгийн гэрээ гээд орж байгаагүй. Тэр үед хүмүүс “Битгий популизм хийгээд бай” гэдэг байсан бол өнөөдөр буруу байжээ гээд ярьж байна. Тиймээс бид ОУВС-тай хэлэлцээр хийхдээ ОУВС-гийн шахалтанд орсон бол тэрийгээ хүлээн зөвшөөр. Дараа нь бид ийм нөхцөлтэй байгаа гэдгээ ойлгуулаад явах ёстой. Тэгэхгүйгээр ОУВС дангаараа бүх нөхцөлийг тавиад явж байгаа бол буруу.

-Ер нь эдийн засаг ийм хүнд байхад татвар нэмэх нь зөв юм уу?

-Зарим улс татвараа нэмж байхад зарим нь татвараа бууруулж байна. ХБНГУ гэхэд өндөр орлоготой хүмүүсийнхээ татварыг нэмэх хандлагатай байгаа бол АНУ татвараа бууруулах шийдвэр гаргасан. Монгол Улсад 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 1.5 сая төгрөгөөс дээш хэсэгт Хувь хүний орлогын албан татварыг 20 хувиар тооцож авахаар болсон. 1.5 сая төгрөг гэдэг чинь 600 ам.доллар л биз дээ. 600 ам.долларын цалинтай хүн өндөр орлоготойд тооцогдох уу. Ийм нөхцөлд бид татварыг нэмэх биш ажлын байрыг нэмэгдүүлж татварын хүрээг өргөжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Бага татварыг олон хүнээс авахад татварын хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Далай лам монголд ирээд онгоцны буудал дээр явж байсан чинь ядруухан амьдралтай хэдэн хүн “Бид өлсч байна. Дээр байгаа хүмүүс баян байна” гэхээр нь Далай лам “Би та нарт яаж туслах уу” гэсэн чинь “Дээр байгаа тэр хүмүүсийг яг бидэн шиг ядуу болгоод өгөөч” гэдэг явган яриа байдаг шиг ийм замаар бид явж болохгүй.

Засгийн газар иргэддээ 1.5 сая хүртэл төгрөгийн цалин өгдөг бодлого хэрэгжүүлэх ёстой. 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа хүмүүс нь ихэвчлэн уул уурхай, барилгын салбарынхан байна. Улирлын чанартай голдуу ажилтай энэ хүмүүс гэр орноо орхиод хэдэн сараар уурхай, барилгад ажилладаг. Гайгүй хэдэн төгрөгийн цалин авангуут тэрнээс нь өндөр татвар авна гэдэг нь логикийн хувьд буруу зүйл.

-ОУВС-тай маргааш (өнөөдөр) албан ёсны хэлэлцээрээ хийнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн. Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензин шатахууны үнийн хөөрөгдөл, хомсдол бий болчихлоо?

-Бензиний үнийн асуудал сөхөгдөнгүүт ОУВС-гийнхныг ирэх өдрийг хүлээлгүй өөрсдөө очиж уулзаад асуудлаа яриад явах боломж байсан. Бензин бол Монголын найман настай хүүхдээс 80 настай хөгшинд хүртэл хамааралтай, халаасанд нь мэдрэгдэх асуудал учраас ОУВС-гийнхантай энэ талаар ярилцаж болно. Бензиний үнэд төр шалгалт хийж байх ёстой. Манайх шиг шатахуунаа 100 хувь импортоор авдаг, стратегийн ач холбогдол бүхий, өдөр тутмын хэрэглээн дээр төр тодорхой хэмжээнд зохицуулалт хийх шаардлагатай.

Бензин нөөцлөх том агуулах барина гээд 361 дүгээр гармын тэнд газар авлаа л гэсэн. Хуучны бензин нөөцөлдөг том савнуудаа яасан билээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар гээд жигтэйхэн том байгууллага бий.

Өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд нь бензин шатахуун авах дараалал үүсгэж, иргэдийг өдөржин шөнөжин дугаарлуулж бухимдуулж байгаад харамсаж байна. Засгийн газар зоригтой бай, зоригтой ажилла. Аливаа асуудлыг аргалаад байвал хол явахгүй. Ингэж хэлсний төлөө намайг засаг төрийн эсрэг зүйл ярилаа гэж байгаа бол уучлаарай. Монголын ард түмний эрх ашгийн төлөө би хэнээс ч айхгүй үгээ хэлнэ.

-Шатахууны хомсдол бий болчихлоо, яах вэ?

-Бензиний хомсдол бол зохиомол асуудал. Одоо тэгээд зохиомлоор үнээ нэмэх юм уу. Энэ арай дэндэж байна. Бид ОУВС-гаас хамааралтай болчихлоо л доо. Манайх шиг газрын баялагтай, тал дүүрэн малтай атлаа гадны тусламжинд гараа сарвайж, өр зээлийг баяр ёслолын байдалтай гарддаг, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу. Өр гэдэг чинь хор. Өрнөөс яаж гарах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хэмнэх ёстой зардлаа хэмнэе л дээ. Хүндрэлээс гарах арга замаа бид өөрсдөө эрэлхийлэх ёстой.


Үүсгэсэн: 2018-01-25 20:55
Мэдээллийг ачааллаж байна ..