Намын дарга нь Ерөнхий сайд байхаа больчихсон дүрэмгүй тоглолт яваад байна

Хамаарах огноо: 2017-11-13 12:14

-Ирэх Даваа гаригт МАН-ын Их хурал хуралдана. МАН-д цаашид дотоод асуудлаа цэгцэлж, намынхаа нэр хүндийг сэргээж чадах дарга хэрэгтэй гэдэг нь харагдаад байна. Ийм хариуцлагатай цаг үе ирээд байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Намын дотоод асуудлаа нэг тийш нь болгож, намын нэр хүндээ сэргээх туршлагатай хүнийг сонгох хариуцлагатай алхамд тулж ирсэнтэй би үнэхээр санал нэгдэж байна. Миний баримталдаг нэг зарчим бий. Энэ бол диалоги буюу аливаа асуудал ярилцлагын бодлого, харилцан ойлголцох суурин дээр нэгдэх нь зөв гэсэн үзэл хандлага юм. Цаг үеийн нөхцөл байдал нь хурцадмал байгаа үед харилцан ярилцлагын бодлогыг баримтлах нь хамгийн өгөөжтэй арга байдаг. Дэлхий нийтийн туршлагаас энэ бодлогыг харж болно. Улс орнуудын дунд үүссэн дайн дажин, хурцадмал асуудлыг шийдвэрлэх арга зам нь энэхүү ярилцлагын бодлого юм. Тиймээс яг үүнтэй агаар нэг зүйл нь нам дотор төдийгүй УИХ дээр үүсээд, яригдаад байгаа олон асуудлаа намын Их хурал дээрээ буюу халуун бүл дотроо илэн далангүй харилцан ярилцах нь тун зүйтэй. Тодруулж хэлбэл, нам дотор үүсээд буй фракцлал, хагарлын асуудлыг хэлж байгаа юм. Бид энэ асуудлаа намын Их хурал дээрээ ярих нь гарцаагүй үнэн. Харин үүнд анхаарах нэг чухал зүйл бол намын Их хурлынхаа наана урьдчилж бэлтгэсэн жүжиг бүү тоглоосой. Төлөөлөгчдөө сонгохоос эхлүүлээд лобби хийж, хүний улс төрийн сонголтыг мөнгөөр л битгий худалдаж авах гэж оролдоосой. Наана нь нөлөөлөл битгий ороосой гэдгийг хэлмээр байна. Энэ бол өөрсдийн саруул ухаанаар шийдэх алхам учраас тэр боломжийг нь бүрдүүлж өгөөсэй гэж хүлээж байна. 21 аймгаас намын Их хурлаа зорин ирж байгаа төлөөлөгчид ч гэсэн үзэл бодолдоо үнэнч байж, лоббид битгий автаасай, зарчимтай байгаасай гэж хүсч байна. Би сая хэллээ шүү дээ. Намын Их хурал гэхээр хэн нэгний, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дэглэсэн жүжгээр яваад байж болохгүй. Цагаар хуралдахдаа гол нь биш,  цаг бас сэтгэл гаргаж хуралдах хэрэгтэй. Улс орны өнцөг булан бүрээс МАН-ын Их хурлыг зорин ирж байгаа бүх гишүүдээ хүндэтгээд, орон нутгийн намынхаа төлөөллүүдийн үгийг хүлээцтэйгээр сонсож хуралдах ёстой. Эргээд хурлын дараа гарсан шийдвэрүүдээ хэрэгжүүлэх боломжийг нь хангаад ажиллах нь зүй юм.

terbishdagwa

-Таны хувьд Ерөнхий сайд нь намын дарга байх дүрмийг дэмжиж байгаа юу?

-Миний хувьд Ерөнхий сайд намын дарга байх асуудал зарчмын хувьд зүйтэй гэсэн бодолтой байгаа. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харахад намын дарга нь Ерөнхий сайд байхаа больчихоод байгаа дүрэмгүй тоглолтууд сүүлийн үед болоод байна л даа. Ерөнхий сайддаа тулгуурлаж намын даргаа шийдэх үү, намын даргадаа тулгуурлаж Ерөнхий сайдаа шийдэх үү гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тиймээс намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн хатуу бодлого тулгачихвал “хиймэл” болчихно. Намын Их хурлаар төлөөлөгчид ямар саналтай байна вэ гэдгийг сонсох л ёстой. Хэрвээ үнэхээр намын дарга нь Ерөнхий сайд байна гээд сонгочихвол асуудал хурдан шийдэгдэнэ. Эсвэл МАН-ыг удирдаж, авч явж чадах хүнээ л сонгоё, сонгогдсон намын дарга нь цаашдаа Ерөнхий сайд байж болох юмаа гэдэг шийдвэр гаргаад ч явж болно шүү дээ. Ерөнхий сайд нь намын дарга байхад буруудах зүйлгүй гэж би харж байгаа. Харин эхлээд намын дарга байх хүн нь Ерөнхий сайд болох уу, Ерөнхий сайд учраас намын дарга болох уу гэдэг хоёр ойлголтыг ялгаж салгаж ойлгох нь зөв юм.

-МАН-ын даргад улс төрийн замналыг нь харж хүнээ сонгохоор байна уу гэхээр бүлэглэл төлөөлсөн хүмүүс намын даргад өрсөлдөх дүр зураг бий. Хэрвээ улс төрийн замнал, туршлагыг нь харъя гэвэл та улс төрд олон удаа сонгогдсон хүн шүү дээ. Намын даргад нэрээ дэвшүүлэх бодол байна уу?

-Би аливаа нэг шийдвэр гаргахдаа олон талаас нь маш удаан эргэцүүлж боддог. Зарим нэгэн нөхөд шиг хор найруулах замаар аливаа эрх мэдэлд хүрэх явдлыг огт таашаадаггүй, хүлээн зөвшөөрдөггүй хүн. Намын даргад өрсөлдөнө гэж нэрээ дэвшүүлэх нь тийм ч этиктэй биш болов уу. Харин намайг намын даргад нэр дэвшүүлэх тухай асуудал яригдаад, ийм тохиолдол гарах юм бол олон талаас нь сайн бодож үзнэ. Аливаа албан тушаалд нэрээ дэвшүүлнэ гэж хэзээ ч ярихгүй. Энэ миний хувь хүний зарчим биш. Харин надад итгэл хүлээлгэх тухай асуудал яригдвал итгэл хүлээж, хариуцлагатай байж чадна гэдэгтээ эргэлздэггүй гэдгээ хэлье. Яах вэ, үнэхээр би улс төрд өнөөдрийг хүртэл олон удаа сонгогдсон нь сонгогчдын надад хүлээлгэсэн итгэлийг алдалгүй өдийг хүрсний минь үнэлгээ гэж л харж байгаа. Сонгох хүмүүсийн эрхийг бас тэдэнд нээлттэй өгдөг байх хэрэгтэй. Намын даргаараа хэнийг сонгох вэ гэдэг бол намын гишүүд, төлөөлөгчдийн саруул ухаанаар шийдэх асуудал. Үүнд дам, шууд байдлаар нөлөөлөх нь шударга зарчим мөн үү. Үнэхээр улс төрийн замналыг нь харъя, бүлэглэлд хуваагдсан хүнийг сонгохгүй гэж бодож байгаа бол ийм сонголт хийх эрх нь Их хурлын төлөөлөгчдөд бүрэн бий шүү дээ.

-Хэрвээ 32-ын ч юм уу, 33-ын бүлгийн төлөөлөл МАН-ын дарга болчихвол цаашид энэ хагарал, тэмцэл цэглэгдэх үү гэдэг асуулт тавигдах нь тодорхой болов уу?

-Нам дотор үнэхээр зөрчилдөөн бий юу гэвэл бий. Энэ нь 32, 33-ын бүлэг гэдэг тооны харьцааны тухай асуудал биш юм. Тодорхой хэмжээний зөрчил, хуваагдал нам дотор байгаа нь бодит үнэн. Миний хувьд өнөөдрийг хүртэл намд үүсээд байгаа энэ хагаралын аль ч талд нь гарч байсангүй, төвийг сахиж, жанжин шугамаа барьж ирсэн. Учир нь энэ түүхт нам маань хагарч бутраасай гэж хүсэхгүй байна. Ялангуяа улс төрд олон удаа сонгогдоод ирэхээр энэ мэт асуудалд улстөрч хүн ноён нуруутай байх шаардлага үүсдэг юм байна. Тиймээс ч би төвч үзлээр хандаж аль ч талд нь гарч гүйгээгүй. Би нэг удаа хурал дээр “Цагаан шаазан цавтай байвал, цайгаа уухаа болих уу даа” гэж хэлсэн минь яг л энэ нам доторх нөхцөл байдлыг дүгнэн хэлсэн нь юм. Хэрвээ энэ хуваагдлын аль аль талд нь зарчимгүй буруу үйлдэл илтэд гарвал хэнээс ч айж эмээхгүйгээр засч залруулахын тулд үгээ хэлж ирсэн, хэлэх ч болно.

-МАН асуудлаа шийдвэрлээд цаашид тогтвортой бодлого дор нэгдээд явж чадах болов уу. Та хэрхэн харж байна вэ?

-Цаг хугацааг урьдчилан харж, дүгнэхэд хэцүү л дээ. МАН дүрэмгүй тоглолтуудаасаа татгалзаад, бодлогоо чанд баримталж, зөв тийш нь залж чиглүүлж чадах хүнээ сонгож чадвал боломж бий. Ганц МАН-ын дотоод зөрчилдөөн, хагаралаас болж нийт улс орны эрх ашиг хөндөгдөж болохгүй гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. МАН-ын дотоод хагарал цаашид үргэлжлээд байвал сөрөг хүчинд л ашигтай болно. Бас ард түмэн дараагийн сонгуулиар дүнгээ тавина. Тиймээс намын Их хурлаараа хэрхэн шударга, зарчимтай байж чадахыг харж байя. Төлөөлөгчдийнхөө оновчтой үгийг сонсож, тодорхой бас зөв шийдэл гаргалгаанд хүрч чадвал үр дүнд хүрнэ. Түүнээс биш фракц, бүлэглэлийн эрх ашгийг яриад байвал ямар ч үр дүнд хэзээ ч хүрэхгүй. Чухал шийдвэр гаргах энэ цаг үедээ хоорондоо битгий л талцаж, муудалцаасай билээ гэж бодож байна. Мэдээж намын Их хурал дээрээ нэгнээ шүүмжлэх асуудал бишгүй гарна. Гэхдээ шүүмжлэлийг доромжлолтой бүү эндүүрээсэй. Аливаа шүүмжлэл бол гарц гаргалгаа эрэлхийлдэг. Харин доромжлол бол хэм хэмжээ, ёс зүйг эвдэж байдаг гэдгийг анхаараасай. МАН-д бүлэглэл, фракц цаашид хэрэггүй. Миний хувьд АН-ыг эрх барьж байхад дотоод асуудлаа шийдвэрлээд, фракцгүй болох хэрэгтэй гэж ч бас хэлж л байсан. Тиймээс улс орны эрх ашиг нэн тэргүүнд гэдгийг би дахин онцолж хэлмээр байна. Энэ олон бүлэглэл, фракц хэзээ ч сайнд хүргэхгүй гэсэн байр суурьтай байдаг. Надад бол “Монгол Улс гэсэн ганцхан фракц” л бий.

-Лхагва гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор ТЕГ-ын дарга байсан хүн нь Батлан хамгаалахын сайд байсан хүнээ зэвсгийн наймааны асуудалтай хутгаж, ноцтой хэд хэдэн зүйлийг ярьсан шүү дээ. Энэ тал дээр та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Нэгэнт л нээлттэй сонсгол явуулж хэлэлцэхээр тогтсон байсан шүү дээ. Цаашид ч энэ асуудлаа хэлэлцээд нэг тийш нь болгох хэрэгтэй. Нэгдүгээрт, өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцээд л явчихаж болох байсан. Заавал хойшлуулаад байх шаардлагагүй л байлаа. Хоёрдугаарт, энэ мэт асуудлуудад маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь энэ бол Монголын дотоод асуудал шүү дээ. Монгол Улс бол хар хайрцагны бодлоготой улс гэдгийг мартаж болохгүй. Бид дотоод асуудлын талаар хаалттай хуралдаад, оч үсэртэл халуун яриа өрнүүлж, дотроо ний нуугүй ярилцаад шийдээд авах хэрэгтэй. УИХ-ын гишүүд болоод нийгэм энэ асуудлыг өнөөдөр сонсоод бусад олон асуудлууддаа дарагдаад маргааш мартлаа гэхэд дэлхий мартахгүй. Бид олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг хайрлах хэрэгтэй. Ялангуяа төр түшилцэж яваа хүмүүс нь энэ мэт сенсацитай асуудалд орооцолдмооргүй байгаа юм. Бид уг нь улс орныхоо цаашдын хөгжил, ололт амжилт, дэвшлийг ярилцаад, үүнийгээ нийгэмдээ түгээгээд явах ёстой шүү дээ. Түүнээс биш хэдэн талд талцаж, шившгээ тариад байх ёсгүй. Олон улсад бол үнэхээр шившгээ тарьж байна л гэж харагдаж байгаа. Энэ мэт асуудлаас болж дэлхий биднийг шоолоод л сууж байгаа шүү дээ.

-Өнөөдрийн УИХ чадамжгүй байна гэх шүүмжлэл сөрөг хүчний  зүгээс бишгүй л ирж байгаа. Тараах тухай асуудал ч яригдаад эхэллээ?

-Өмнөх Засгийн газрын үед би УИХ-ыг тараах ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ дээрх шиг шившгээ тариад, иймэрхүү байдлаар төрийн ажил цааш үргэлжлэх юм бол УИХ тарах тухайд бас бодох л ёстой асуудлын нэг. Ард түмний сонголтоор төрд гарсан хүмүүс гэдгээ алхам тутамдаа санаж байх хэрэгтэй шүү. Ард түмэн хэнийг сонгох вэ гэдэг сонголтоо ч мөн гүнзгий ухаж бодож шийдэх цаг болсон байна. Өнөөдөр ард түмний сонголтыг худалдаж аваад төрд гарах үйл явцыг би үргэлж буруу гэж үздэг. “Ямар аргаар сонгогдож гарч ирсэн байна, яг тэр аргаараа улс орныг удирдах гэж оролддог” юм шүү дээ. Тиймээс ард түмнийг хуурч гарч ирсэн бол тэр аргаараа л төрийг барих гэж оролдоно. Тиймээс одоогийн УИХ хэрвээ чадамжгүй байсаар байх юм бол дахин сонгогдох орон зай үлдэхгүй шүү дээ. Нэгэнт сонгогдчихсон УИХ-ыг тараах тухай шууд ярихаас илүүтэй тавигдах шаардлагыг нь чангатгах хэрэгтэй. УИХ-ын дэгээ хатуу чанд сахидаг байх ёстой. Ингэж чадахгүй бол энэ УИХ чадамжгүй л харагдана шүү дээ. Сонгогдсон гишүүн бүр ард түмний өмнө хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэх ёстой гэдэг зарчмын асуудлыг баримталж ажиллах ч ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР


Үүсгэсэн: 2017-11-20 12:14
Мэдээллийг ачааллаж байна ..